Меню

Русский выбор страны
01.10.2015

Сүхбаатар, Дорнодыг чиглээд замд гарахад боодолтой өвс тэвхийтэл ачсан хүнд даацийн авто машинууд өдөр, шөнөгүй зөрж байлаа

Улаанбаатар хотоос хөдлөөд Баянзүрхийн товчоогоор гарахад л хадлангийн өвс задгай нөөцөлсөн хашаанууд замын хажуугаар эгнэж байв. Энэ мэтээр Төв аймгийн Эрдэнэ сум, Багануур, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Жаргалтхаан сумдуудаар дайрахад зам дагуух хашаа бүрт шахуу боодолтой өвсийг хоёр, гурван давхар байшин шиг дүнхийтэл хураасан байх аж. Ердөө тав зургаахан өдрийн өмнө Сэлэнгэ аймгийн Ерөө суманд очоод буцаж байхад хадлангийн өвс ер тааралдаагүй.
Харин хатуу хучилттай зам дагасан жалга, судгийн өвсийг хүртэл жижиг трактор зогсоосон хүмүүс гараар хадаж яваа нь анзаарагдаж байсан. Түүнтэй харьцуулахад тэс өөр дүр зураг зүүн аймгуудыг зорих замд харагдаж байв. Өнөө жилийн хувьд Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас өвөлжиж, хаваржих малын тоо толгойг 58 сая байна хэмээн урьдчилан тооцоолжээ. Тиймээс Засгийн газраас өвөлжилтийн бэлэн байдал хангах тухай 292 дугаар тогтоол гаргасан. Өвөл хаврыг өнтэй давахын тулд малчин бүр өөрийнхөө малыг 10 хоногт тэжээх хэмжээний өвс зайлшгүй бэлтгэсэн байх мөн бүх аймаг, сумын хэмжээнд аюулгүйн нөөц гэж гурав хоног малдаа өгөхөд хүрэлцэх өвс, нэмэлт тэжээлүүд бэлтгэх ёстой.

Үүн дээр улсын нөөц нэмэгдээд нийтдээ 1.4 сая тонн өвс бэлтгэвэл ямарч зуд нүүрлэсэн өнтэй өвөлжих боломжтой гэнэ. Зуншлага тааруу байсан аймгууд их хэмжээний хадлан бэлтгэхэд хүндрэлтэй байсан. Тиймээс зуншлага сайтай Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт томоохон эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч нар, хадлангийн бригад, салаануудыг өвс хадлан, тэжээл авах талбайг гаргаж өгсөн байна. Энэ дагуу 635 мянган га газар хадлан хадах зохицуулалт хийжээ. Сүхбаатар, Дорнод аймгуудад энэ жил зуншлага тааруу байсан Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Архангай аймгуудаас хадлангийн салаанууд гарч хадлан тэжээл бэлтгэж байлаа.

Дорнод, Сүхбаатар аймгийн малчид зуд болно гэж сандрах зүйлгүй байв. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаар явж байхад малчид нь унагаа тамгалсан шигээ налгар байх аж. Өнгөрсөн хавар энэ нутагт сүрхий түймэр дэгдэж нэлээд газрыг нь хуйхалж орхисон доо. Гэвч өдгөө өвдөгнөөс өндөр ургасан шивээн толгой найгасан толгодын дунд юунд ч санаа зовох билээ. Малчдад ирэх өвөл хатуу болно гээд зарим хүмүүс тарга хүч султай малаа заазалж байна гэх юм гэхэд “Малаа заазалж худалдахыг төдийлөн бодохгүй байна. Манай нутагт зуншлага сайхан байлаа. Тэгээд ч хурдтай нутаг гэгдээд ганц дааганы үнэ л сая төгрөгөөс буухаа больсон шүү дээ. Ийм байхад маханд тушаана гэж юу байхав” хэмээн хариулах аж.

Дорнодын малчид ч малаа цөөлөх талаар огт бодоогүй байгаагаа хэлцгээж байна лээ. Дорнод аймгийн Мал аж ахуйн хэлтсийн дарга Д.Наранхүү “Манай аймгийн хувьд өвөлжилтийн бэлтгэл 82.8 хувьтай хангагдаад байна. Ерөнхийдөө 55.6 мянган тонн хадлан бэлтгэхээс 46 мянган тонныг бэлтгээд байгаа гэсэн үг. Түүний дээр 1000 тонн хадлан бэлтгэж аюулгүйн нөөцөндөө авах ёстойгоос биелэлт нь одоогоор 50 хувьтай явж байна. Ирэх сарын 10 гэхэд төлөвлөгөөгөө гүйцээгээд бүх хадлангийн салаанууд буух юм. Мөн Засгийн газрын 292 дугаар тогтоолын дагуу сум бүр 50 тонн өвс нөөцлөх ёстой. Түүнчлэн багууд гэхэд л 500-1000 боодол өвс нөөцөлчихөөд байгаа” гэсэн юм.
Дорнод аймагт 47 хадлангийн салаа гарчээ. Тэдний дийлэнх нь Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймгууд болон Улаанбаатар, Багануур дүүргээс ирсэн аж. Түүнчлэн нутгийн иргэд ч хадлангийн салаа гарган ажиллаж байв. Нэг боодол өвс газар дээрээ 2500-3000 төгрөгийн үнэтэй байлаа. Харин нутгийн иргэдэд бол 2000-2300 төгрөгөөр худалдаж байгаа юм байна. Өнгөрсөн жилийн хувьд нэг боодол өвсөө гадагш 2000-2500 төгрөгийн үнээр худалдаалж байжээ. Наймдугаар сарын дундуураас хадланд гарсан гэх хүмүүстэй уулзахад үзүүлэх бухлаар цөөн байлаа. Учир нь бичин жилийн зуд болох дуулианаар эрэлт, үнэ аль аль нь нэмэгдсэн гэнэ. Тэд “Манайхны хадсан өвсийг өдөр шөнөгүй л зөөж байгаатай таарсан байх. Авах сонирхолтой хүмүүс ч их байгаа болохоор бид өнгөрсөн жилийнхээсээ арай жаахан үнэтэй өгч байгаа” хэмээж байлаа.

Дорнод аймгийн Халх гол суманд “Алтай” группынхан хадлан бэлтгэсэн байна. Дөрвөлжилж пресслэх биш харин хавтгай томоор нь бөөрөнхийлсөн харагдана. Тус аймагт гарсан хадланчид “Японы шинэ технологи манайд орж ирэх сураг сонссон. Тэр нь хад чулуутай газар ч өвс хаддаг. Манайхны хадсан өвс тэр жилдээ л малд өгөхгүй бол бороонд угаагдаад шим тэжээлээ алдчихдаг. Харин япон технологи голдоо чийгтэйгээр энэ “Алтай групп”-ынхан шиг бөөрөнхийлж боогоод гадуур нь гялгар цаасаар бүрдэг гэсэн. Тэгэхээр доторх шим тэжээлээ алддаггүй тул гурван жил хадгалсан ч чанар нь хэвээрээ байдаг гэнэ лээ. Хэрвээ тэгвэл байгалийн гарц сайтай жилдээ нөөцөө бэлтгээд байж болмоор санагдана. Үнэ хөлс нь ямар байдаг юм бол. Болбол худалдаж авмаар байна” хэмээн сураглахтай ч таарлаа. Хадланчдын хувьд гол төлөв шинэ техник хэрэгсэлтэй болжээ. Хүнс, хөдөө аж ахуйн яамны шугамаар хөнгөлөлттэй үнээр нийлүүлсэн техникууд ч нэлээн байгаа нь энэ аж.


Рассказать об этой новости: 






Фотогалереи
биопро
зерно